Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Үйлийн лайтай эмэгтэйчүүд

Шинэ урлагийн салхи

«Les Femmes Muchas» («ле фам Мюша», « Мухийн эмэгтэйчүүд») талимаарсан, махлаг, гунхалзуур. Хувцасны нугалаа, туг үс, цэцэг, угалз зэрэг ээдрээтэй зангилаатай. Ярих зүйлгүй зохиомж, төгс зураас, өнгийн зохицолт.

Чехийн зураач Альфонс Муха (Alfons Maria Mucha, 1860-1939), өөрийн үеийн бусад олон зураачдын адил шинэ урлагийн  суманд нэвт сүлбэгдсэн байлаа. Ар-нуво буюу модерн, Европыг 1880-аад оны сүүлчээс эзлээд байсныг зөвхөн дэлхийн дайн л гоо үзэсгэлэнг дээдлэгчдийг амьдралын өгүүлэлд нь эргэн авчирсан юм. Академийн хэм хэмжээ нуран задарч, урлаг судлаачид чангаар маргалдан моодонд дорны өнгө аяс нэвтрэн бужигнаж байсан билээ. Уран зураачид шууд шугамаас татгалзан зотон дээр зөгнөлийн  сараана, цахирмаа цэцэглэн, эрвээхэй, тэмээлзгэнэ дэрвэлзэнэ. Ар-нувогийн зу­раа­­чид, энгийн бөгөөд нам­дуун байдлаар байгальтай зохи­цолдох боломжид ит­гэн түүнийгээ  язгууртны тансаг­лалын эсрэг тавьж байсан юм. Урлагт суулгасан тэр буян хүмүүсийн харилцааны зохицлыг  бүрэлдүүлэх ёстой байж. Гоо үзэсгэлэн үнэний адил утга болсон юм. Достоевскийн баатар Мышкин вангийн хэлсэн “Гоо үзэсгэлэн ертөнцийг аварна” гэсэн үг  нэг ёсондоо бүхий л шинэчлэлийнхний туганд “бичээстэй” байдаг гэхэд буруудахгүй.
Ар-нувогийн анхны онолчдын нэг нь Английн уран зураач ба урлаг судлаач Жон Рескин (John Ruskin, 1819-1900) байсан билээ. Сэргэн мандлын эхэн үеийн флорентийн мастеруудын уламжлалыг дагагч прера­фаэ­ли­ти («прерафаэлити»,  «Рафаэль хүртэл» гэ­сэн үг) гэгдэх Британийн зу­раачид түүний санааг хурдан шүүрч авав. Эдгээр зураачдын нийгэмлэгт Жон Уильям Уотерхауз (John William Waterhouse, 1849-1917), Жон Эверетт Милле (John Everett Millais, 1829-1896), Данте Габриэль Россетти (Dante Gabriel Rossetti, 1828-1882)…  на­рын өнөөгийн Английн бахархал болдог хүмүүс байлаа. Прерафаэлитуудын бийр  la femme fatale («ля фам фаталь», «үйлын лайтай эмэгтэй») гэсэн нууцлаг, зөнч, сайхан эмэгтэйчүүдийн шинэ дүрийг дүрслэн бүтээжээ. Зураачдын онгодын тэнгэр (муза) нь  Прозерпина, Психея, Офелия, Шалоттоос ирсэн леди зэрэг эмгэнэлт хайртын шаналалд нэрвэгсэд байлаа. Уран зураачид өөрсдийн дуулиант амьдралаас онгодоо дууддаг байв. Тэр дүрүүд л Алвфонс Мухийн сэтгэлийг эзэмджээ.
Альфонс Муха, 1906 он. Японд зураачийн анхны музей нээгдлээ. Энэ улсын хүмүүс мастерын бүтээлийн чимэл засалд нь биширчээ. АНУ-ын Конгрессийн архивын гэрэл зураг
Муха өөрөө бол амьд­ралынхаа гол үйлсийг асар том хэмжээний 20 зургаас бүрэлдсэн «Славяны туульс» (1910-1928) гэж үздэг байлаа. Гэлээ ч тэрээр дүрслэх урлагийн түүхэнд өөрийн хүсэл эрмэлзлийн дагуу биш харин XIX-XX зуунуудын заагт бүтээсэн эмэгтэйчүүдийн дүрээрээ оржээ. Нэр алдраа олоод, Чехийн  Збирог  шилт­гээнийг түрээслэн урлангаа болгох чадвартай болсон үедээ тэр “Туульс” дээрээ ажиллаж эхэлсэн юм. Шилтгээний хана нь түүний санаа бодлын цар хүрээнд таарч байлаа. “Туульсаа” 1928 онд нүсэр  их хүчин зүтгэлээр дуусгаад зураач түүнийг Прага хотод бэлэг болгон өгчээ. “Славянчууд өөрийн нутагт”, “Орост хамжлагыг халсан нь” зэрэг шилдэг зургууд нь хүртэл хүсч байснаар нь болсонгүй. Тэдэнд Прага хотод агуулах ч олдсонгүй. Одоо түүнийг Моравски Крумлов хотын шилтгээнд хадгалдаг. Тийшээ очих хүндрэлтэй. Зургуудаар үзэсгэлэн гаргана гэвэл бас хэцүү. Тэр болгон түүнийг багтаах сав байр олдохгүй.
Харин “Мухийн эмэг­тэйчүүд” үзэсгэлэнгийн танхимаас гадна шаазан, торгон алчуур, гоёл чимэглэлийн эд­лэлд заларна. Хэмжээнээс ч биш. Тэд үнэхээр тэнгэрийн үзэсгэлэнгээр дүүрэн бөгөөд үүлэнд умбан үхэлт хорвоог мартсан мэт. Зураачын бийрээр төрсөн тэд диваажинд биш юм аа гэхэд  нэг л ойрхон… Үнэн хэрэгтээ Муха бусдын бүтээгүйг хийсэн хүн. Тэрээр les femmes fatales-ийн ганган, хүйтэн үзэсгэлэнг гайхалтай зөөлөн дулаан үйлийн үр болгожээ. Гэлээ гээд түүний эмэгтэйчүүд нууцлаг, гунхалзуур чанараа хадгалж чадсан байна.

Сара Бернарын  од


Альфонс Мария Муха Че­хийн Брногоос холгүй Иван­чице хотхонд шүүхийн бага тушаалтны гэрт төржээ. Зураа­чийн эцгийн ажиллаж байсан шүүхийн байшин өнөөг хүртэл байгаа бөгөөд тэнд бага Мухийн музей бий. Хүүхэд байхдаа сандалд нь «А.М.» нэрээ сийлсэн сүм нь ч амьд. Энэ хоёр барилга хотын төвд эсрэг харан уйтгартайгаар зогсоно. Мухийн төрсөн хотдоо зориулсан зурагт нь  ч гуниг шингээстэй. Магадгүй энэ хотод түүний анхны дурлал төрж, тэрээр охиноо залуугийн хайрын нэрээр Ярослава гэж нэрлэсэнтэй ч холбоотой гуниг зурагт нь шингэснийг үгүйсгэх аргагүй.
Тэрээр хүүхэд багаасаа сайн зурна. Прагийн уран зургийн академид (Akademie vэtvarnэch uměnн v Praze) элсэх гэж  оролдоод бүтээгүй байв. Гимназиа төгсөөд тэ­рээр бичээч хийж байгаад Венийн «Рингтеатрын» тус­лах зураачийн ажил олоод Австри-Унгарын  нийслэлд ирэв. Вена хотноо тэрээр орой нь зургийн  курст суралцан анхны зургуудаа ардын дуунд хийж эхэлсэн байна. Театр шатсаны дараа Альфонс Чехийн Микулов хотод ирээд нутгийн язгууртнуудын хөргийг зурдаг болжээ. Тэнд тэрээр гүн Куэн-Беласитай (Khuen von Belassi) танилцсан нь цаашдын амьдралд нь их тус болов. Муха язгууртны шилтгээний г чимэглэн гүн түүний зурагт нь татагдсан байлаа. Тэрээр Альфонсийг Мюнхены уран зургийн академид (Akademie der Bildenden Kьnste Mьnchen) өөрийн хөрөнгөөр хоёр жил сургасан байв. Муха 1888 онд Парист ирээд боловсролоо үргэлжлүүлжээ. Францын нийс­лэл тэр үед шинэ урлагийн төв байсан бөгөөд бүгд л тийшээ очихыг зорьж байлаа. Энэ үеэр түүнийг ивээгч гүнтний мөнгө дуусч Муха жижиг захиалгаар амиа зогоож байгаад Францын алдарт жүжигчин эмэгтэй Сара Бернартай (Sarah Bernhardt, 1844-1923), учирчээ. Сарагүйгээр Муха амжилтад хүрэх байсан эсэхийг одоо хэлэхэд хэцүү…
Муха 1893 оны зул сарын баярын өмнө Сара Бернарын «Ренессанс» театраас захиалга аван “Жисмонда” жүжгийн зурагт хуудсыг хийхээр болов. Зураач энэ жүжигт гол дүрийг бүтээгч хатагтайг урт нарийхан дэвсгэр дээр зурсан байлаа. Тэр эмэгтэйн эрхэмсэг зогсолтыг улам тодруулснаас гадна жүжигчин эмэгтэйн сул тавьсан үсийг цэцгээр чимэн гарт нь чидун жимсний мөчир бариулсан,  харц нэг л  шаналангуй.

Сара Бернар
«Жисмондоос» өмнө Сара Бернарын анхаарлаа хандуулсан Швейцарийн зураач Грассетын зурсан  «Жанна д’Арк» гэсэн ганцхан зурагт хуудас байжээ. Харин чех залуугийн бүтээл түүнээс ч сонирхолтой. Энэ зурагт хуудсуудыг хүмүүс маш ихээр хуулан авж байлаа. Бернарын театрт Альфонс зургаан жил ажилласан юм. Түүний зурсан дараагийн зурагт хуудсууд нь өмнөхөөсөө дутахгүй сонирхолтой байв.
XIX зууны сүүлчээр театр язгууртны амьдралын төв болсон байв. Үзэгчид, сэтгүүлчдийн анхаарал Сар Бернарт төвлөрнө. Түүний ху­вийн амьдрал үргэлж сонирхол татна. Бернар зохиолч, яруу найрагчдыг ямагт дэмжиж ирсэн ба түүнд сэтгэл алдарсан эрчүүд олон байлаа. Оскар Уайльд (Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, 1854-1900) түүнийг «дуулж буй одны хоолойтой үзэсгэлэнт бүтээл» гэж найрагласан байдаг. Виктор Гюго (Victor Marie Hugo, 1802-1885) жүжгийг нь үзэж байхдаа барьж чаддаггүй  нулимсын дусал шигээ очир алмазыг Бернарт бэлэглэж байлаа. Сара олныг хөөрөгдөн баясгаж цорын ганц хүүгийнхээ эцгийг хэн гэдгийг мэдэхгүй гэнэ. Зургаан жил хамтран ажиллахад тэдний хооронд дотно харьцаа тогтсон байв. Харин дурлал? Олон эрийг бишрүүлж байсан шигээ Сара зураачийг татаж чадаа болов уу?
«Хатагтай Сара Бернар гунигт дарагдсан агууг бүтээхээр төрсөн мэт…” гээд шүүмжлэгчид бичицгээнэ. АНУ-ын Конгрессийн архивын гэрэл зураг
Сурвалжлагч нар чех зураач, франц жүжигчин хоёрыг зүгээр өнгөрөөгөөгүй нь мэдээж. Нэр нь хүртэл нэгийг хэлээд байсан юм. Учир нь хүү  Дюмагийн  (Alexandre Dumas fils, 1824-1885)  нэгэн инээдмийн жүжгийн нэр нь «Мосье Альфонс» гэж нууц амрагаараа тэжээлгэдэг эрийн тухай жүжиг байсан юм. Бернартай гэрээ байгуулсны дараа Альфонс захиалгаар тасраагүй мөнгөтэй болоод үзэсгэлэнгээ гаргах чадвартай болсон байлаа. Дээдсийн хүрээнд ч орсон байв.
Гэхдээ Альфонс Дюмагийн жүжгийн баатар шиг байсангүй. Тэдний захидалд ч энэ талаар сэжүүр байхгүй. Бернар түү­ний эгч шиг л байсан юм. Тэд танилцах үеэр Бернар 50 хүрч зураач 34-тэй байв. Муха түүнийг жүжигчин гэж биширнэ. Муха Америкт амьдарч байхад нь Сара тоглолтоор очихдоо уулзана. Эдгээр уулзалтынхаа талаар Муха сүйт бүсгүй Мария Хитиловад тогтмол бичээд тэд сайн найз нар гэдэг байжээ.
Мария Хитилова Мухийн загвараар олон жил ажилласан ба түүний төрх зураачийн олон бүтээлд шингэжээ

Хайрын гэрэлд

Мухад итгэх үндэслэл сонин хэвлэлийнхээс ул суурьтай. Тэрээр сүйт бүсгүйгээ хуурах хүн биш. Гэхдээ зураачийн хүү Иржи Мухийн (Jiřн Mucha, 1915-1991) дурсамжид бичсэн шиг тийм  нүгэлгүй хүн бас биш. Хүү нь аавыг ээжтэйгээ танилцах хүртэл эмэгтэй хүнд ойртож үзээгүй гэсэн байв. Гэтэл тийм биш. Муха бүтэн долоон жил  Берта де Лаланд (Berthe de Lalande) гэдэг франц бүсгүйтэй амьдарч байжээ.
Хитиловатай тэрээр 1903 онд танилцсан ба санаачилга бүсгүйгээс гарсан байв. Тэд танилцахад зураач 22 насаар ах байлаа. Муха  түүнийг хүлээн авсан ба удалгүй Марушка гэж дуудах болоод янаг захиа бичих болжээ..
“Миний сахиус минь, Захидал бичсэнд чинь хязгааргүй баяртай… Сэтгэлд минь хавар ирээд цэцэг ногоо цэцэглэж байна… Би маш их аз жаргалтай. Уйлмаар ч, дуулмаар ч, хорвоог  тэвэрмээр ч”
Захидалдаа тэрээр амьдралдаа ганцхан удаа 16 настайдаа дурласнаа өгүүлж байлаа. Тэр бүсгүй 15, Ярослава гэдэг байсан бололтой. Тэр эмэгтэй сүрьеэгээр удалгүй нас баржээ. Түүний үхэл эмзэг, мэдрэмжтэй Мухийн сэтгэлийн эмгэнэл болсон нь зурагт нь харагдана.
Хитиловагаас өмнөх эмэг­тэйчүүдээ Альфонс “харийн эмэг­тэйчүүд”  гээд үргэлж сэт­гэл сэдрээн зовоодог байсан гэ­дэг. Тэрээр он жилүүддээ чех бүс­гүйгээ л мөрөөдөж ирсэн гэнэ.

Мария Хитилова
Тэд танилцах үеэр Муха «Цэцэгс», «Улирал», «Урлаг», «Өдрийн цаг», «Үнэт чулуус», «сар ба одод» гэсэн цувралуудаа зурсан байлаа. Мөн бар зураг, хөзөр зурсан нь бүгд л эмэгтэйчүүд. Муха загвар өмсөгч нартай урландаа ихээхэн ажиллах ба тэдний гэрэл зураг таталбарыг хийгээд дараа түүнээсээ өөрийн шилдэг зургаа зурна.
Марушкатай 1906 онд гэрлэс­нээсээ хойш тэрээр хагас дагина эмэгтэйн дүрээс бодит эмэгтэйг зурахад шилжиж байлаа. Муха 1939 онд хатгаа авч ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Славян үзэлтэй учир фашистуудад түүнийг баривчлан байцааж байв. Бариьчлагдах үедээ тэрээр хатгаа авсан байв. Марушка нөхөртэйгөө амьсгал нь тасрах хүртэл хамт байгаад түүнээс хойш 20 жилийг өнгөрөөд өөд болсон юм.

Мухагийн захидлаас: “Хэн нэгний төлөө амьдрах ямар сайхан бэ. Өмнө нь надад эх орон гэсэн ганцхан ариун зүйл л байсан юм. Одоо би чамдаа зориулан тахилын ширээгээ тавиад зөвхөн та хоёрынхоо төлөө залбирч байна…”
Хорин нэгдүгээр зууны эрчүүдээс ийм нандин үг хэлэх хүн байгаа болов уу?

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...